Крис
Патерсон
“Интернет дэх олон улсын мэдээ,
мэдээлэлд мэдээллийн агентлагууд ноёрхож байгаа нь”
Крис
Патерсон 2001-2006 оны хооронд мэдээллийн агентлаг, улс төр, эдийн засаг, цахим
ертөнцийн мэдээлэл солилцоо зэрэг сэдвүүдийг судалжээ. Ингэхдээ интернет мэдээ
мэдээлэл нь “уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл”-ээр дамжин хэрэгждэг
олон улсын сэтгүүл зүйн хязгаарлагдмал, тэгш бус шинж чанарыг засаж залруулж
байгаа эсэхийг тодорхойлохыг зорьсон байна.
10 гаруй жилийн өмнөөс интернет олон
нийтийн цуглардаг газар болсноос хойш интернет мэдээний нэр хүнд тогтвортой өссөөр
ирсэн байна. Тухайлбал АНУ-д 2000 оны байдлаар америкчуудын 23 хувь нь интернет
мэдээ нь тэдний мэдээлэл хүлээж авдаг гол эх сурвалж гэсэн бөгөөд энэ тоо нь
сүүлийн хоёр жилийнхээс 10 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Мэдээллийн
агентлагийн хувьсан өөрчлөгдөж буй байдал
Урьд өмнөх судалгаанууддаа Крис Патерсон
дэлхийн интернет мэдээлэлд
Associated
Press, Reuters агентлагууд ноёрхож байна хэмээн дүгнэсэн байна. Дэлхий
нийтээрээ энэ хоёр агентлагийн мэдээллээс хараат байгаагийн шалтгаан нь нэгд
тэд олонд танигдсан, итгэл хүлээсэн байдагт оршино. Үүний дээр энэ хоёр
агентлагийн нэр нь брэнд болсон, өмнө нь ямар нэгэн сөрөг зүйлтэй нэр холбогдож
байгаагүй байдаг. Түүнчлэн өрсөлдөгч агентлагуудын олж авсан байж болох бүх
мэдээллийг олсон байх шаардлага тавин ажилладаг.
1960, 1970-аад онд олон улсын
мэдээллийн урсгалыг таван гол мэдээллийн агентлаг атгадаг байсан бол өнөөдөр
ердөө хоёр болж хувираад байна. AFP агентлаг зарим талбарт Reuters, AP-тэй үр
дүнтэй өрсөлдөж байгаа ч энэхүү судалгаагаар интернетэд AFP агентлагийн мэдээг
ашиглах явдал нөгөө хоёртой харьцуулахад маш бага байгаа нь тогтоогджээ.
Шинэ мянганы эхний жилүүдэд
Ройтерсийн ирээдүйн талаар бүрхэг онол яригддаг байв. Энэ компани орлогынхоо 90
хувийг санхүүгийн салбараас бүрдүүлж, энэ мөнгөө буцаагаад мэдээллийн
бүтээгдэхүүнд, ихэвчлэн телевизийн салбартаа зарцуулдаг. 2002 он гэхэд тус компани 3 мянган ажилтнаа цомхотгоход
мэдээллийн цар хүрээ нь хумигдана гэсэн таамаглал гарч байв. Гэтэл Ройтерс
сүүлийн жилүүдэд интернет болон уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийн дунд цар
хүрээгээ өргөжүүлэхэд хөрөнгө оруулж байна. Хамгийн сүүлд Ройтерс дүрстэй
мэдээний үйлчилгээг нэвтрүүлж, өөрийн цахим хуудсаа хэрэглэгчдэд мэдээлэл
хүргэх гол цэг болгон ашиглах болов. Түүнчлэн өөрийнхөө мэдээг бусад мэдээ түгээгчдийн
цахим хуудсанд тавихыг зөвшөөрч брэнд нэрээ улам бэхжүүлж байна. Үүнтэй адилаар
АP дүрстэй мэдээний үйлчилгээ нэвтрүүлж, Ройтерсийн адилаар энэ үйлчилгээгээ
зар сурталчилгаан дээр тулгуурлан ажиллуулж байна.
Тус хоёр компани кибер ертөнцийн талбар
бүрт ижил хүртээмжтэй байгаа ч интернетээр мэдээлэл түгээх талаар эрс ялгаатай
стратеги баримталж байна. Ройтерс мэдээлэл түгээхдээ мэдээллийн агентлаг ёсоор
ажиллахаа аль хэдийн больсон бол АР мэдээллийг захиалсан байгууллагуудад нь
хүргэх стратегиа сүүлийн 150 жилд хэлбэрэлтгүй барьж ирлээ. Үүний учир нь AP
хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл буюу тогтмол хэвлэлийг хамгаалахын тулд өөрийн
цахим хуудсан дээрээ мэдээллийн зөвхөн линкийг тавьдаг. Энэ линкийн дагуу
ороход AP-ийн гишүүн сонинуудын цахим хуудас гарч ирдэг байна.
Онлайн мэдээний ойлгоход төвөгтэй
олон тооны зуучлал, түгээх эрхийн гэрээ хэлэлцээнээс шалтгаалж кибер-сэтгүүл
зүйн үйлдвэрлэлд үл ойлголцол үүсэх болжээ. Жишээлбэл BBC буюу Их Британий
хамгийн нэр хүндтэй цахим хуудас мэдээллийн агентлагаас ирүүлсэн контентийг
өөрсдийн сэтгүүлчдийн мэдээлэлтэй хольж, үүнийгээ BBC Online-д нийтэлдэг.
Харин Google, Yahoo,
болон бусад арилжааны мэдээ бэлтгэн нийлүүлэгчид улсаас санхүүжүүлдэг BBC-гийн
мэдээтэй холбогддог. Иймээс британий арилжааны мэдээллийн компаниуд тэр дундаа (ITN)
Үүнийг аюул занал хэмэн хүлээн авч, хууль тогтоогчдод хандсан байдаг.
Эдгээрээс гадна олон улсын хэмжээнд
мэдээллийг цуглуулж, эдгээр мэдээллээ интернетэд байрлуулдаг хэд хэдэн
үйлчилгээ байсан ч үйл ажиллагаа нь зогссон юм. Учир нь байгуулагдсан даруйдаа
бэлэн мөнгөний хомсдолтой холбоотой санхүүгийн хүндрэлд орж байжээ. Тухайлбал
CNN “Хөрөнгө оруулагчдаас бэлэн мөнгө татаж чадаагүйн улмаас жижиг компаниуд
олноороо алга болсон нь AP, Reuters хоёр давамгайлахад нөлөөлсөн” гэжээ.
Агентлагийн
хэрэглээг хэрхэн хэмжих вэ?
Энэхүү
судалгааны нэгэн томоохон хэсэг нь мэдээний голлох цахим хуудсууд олон улсын
үйл явдлын тухай мэдээлэхдээ мэдээллийн агентлагийн мэдээллийг хир их
хуулбарлаж байгааг харьцуулан судалжээ. Ингэхдээ өмнө нь огт байгаагүй аргаар
буюу аль мэдээллийн агентлаг дэлхийн үйл амьдралын талаар хуулбар биш
мэдээллийг өгч байна, аль нь “Иракийн дайн” зэрэг цөөн тооны томоохон сэдвийг
сонгож байна вэ гэдгийг тогтоожээ.
Мэдээллийн агентлагаас ирүүлсэн
мэдээг бага хэмжээтэй хуулбарлаж байвал энэ нь тухайн цахим хуудас нь хуулбар
биш, дахин давтагдашгүй мэдээ бэлтгэхийн тулд өөрийнхөө эх сурвалжтай
холбогдож, олон янзын эх сурвалжуудтай зөвлөлддөг болохыг илэрхийлж байгаа юм.
Үүний эсрэгээр мэдээллийн агентлагийн мэдээг их хэмжээгээр хуулбарлан тавьсан
бол энэ байгууллага хуулбар биш сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт
хийж, хүчин чармайлт гаргахгүй байгааг илтгэж байна. Үүгээр ч зогсохгүй энэ
байгууллагууд олон улсын үйл явдлыг
сурвалжлах тал дээр хэтийн төлөвлөгөөгүй
байдгийг нотлон харуулж байна.
Крис Патерсон жил бүр 1-2 долоо хоногийн турш олон улсын мэдээнүүдийг
цуглуулж мэдээний чанарт дүн шинжилгээ хийдэг. Ингэхдээ дараах шалгуурыг
хангасан мэдээллийг сонгон авдаг байна. Үүнд:
1. АНУ,
ИХ Британий тухай биш мөн энэ хоёр улсад болоогүй үйл явдлын тухай мэдээлэл
2. АНУ,
Их Британитай ноцтой хамааралгүй мэдээлэл
3. Шинжилгээ
хийх хугацаанд голлох мэдээллийн агентлагууд болон наанадаж голлох гурван
мэдээллийг хэрэгсэл сонгож авсан байх
4. Үйл
явдлын гол халуун цэгүүдийн гадна болсон үйл явдлын мэдээлэл, ялангуяа Ойрхи
Дорнодод болсон байх
5. Шинэ
болон олон улсын тавцанд тэмдэглүүштэй шуугиан тарьсан мэдээлэл байх.
Өнөөдөр
Хятадад болсон онц сонирхолтой үйл явдлын тухай америкийн, мексикийн,
австралийн зэрэг хэд хэдэн цахим хуудас мэдээлж, уг мэдээллээ уншихыг санал
болгодог болжээ. Орон нутгийн, бүс
нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь мэдээжийн хэрэг ижилхэн мэдээллийн
агентлагаас авсан мэдээллийг нийтэлдэг. Эндээс үзэгчид ямар нэгэн онцгой шинэ
мэдээлэл авч чадахгүй. Google news 4500 гаруй мэдээллийн эх сурвалжууд
тасралтгүйгээр мэдээллээ шинэчилж байдаг гэсэн статистик өгсөн нь зөвхөн
харагдах хэлбэрийн хувьд л үнэн гэдгийг харуулж байна.
Эндээс
англи хэл дээрх интернет мэдээний ертөнцөд зөвхөн 4 байгууллага (Reuters, AP,
AFP, BBC) өргөн хүрээтэй, мөн цөөн хэдэн байгууллага (CNN, MSN, New York Times, Guardian болон
бусад том сонин, телевизүүд) бололцооныхоо
хэмжээнд олон улсын мэдээ сурвалжлагыг бэлтгэдэг гэсэн дүшнэл хийж болохоор
байна. Түүнчлэн интернет мэдээ, мэдээллийн ертөнцөд ихэнх нь мэдээллийг
хуулбарладаг гэж дүгнэхээр байна.
Кибер
орон зайн нь нээлттэй, хууль ёсоор зохицуулагддаггүй зах зээл болохын хувьд
тэргүүлэх хоёр мэдээллийн агентлаг нь хамгийн бага нэгжийн өртгөөр хүчтэй
мэдээллийг бэлтгэдэг байна. Дижитал технологийн өргөн боломжууд нь энэ хоёр
мэдээллийн агентлагийн бүтээмжийг улам үр ашигтай болгож, тэдний технологийн
нийлэмж нь шинэ мэдээллийн хэрэгсэлд зориулж бий болгосон бүтээгдэхүүнээр
дамжуулан шинэ зах зээлд хялбар нэвтрэх замыг нээсэн юм. Харин үүний сөрөг тал нь уламжлалт мэдээллийн
хэрэгслүүд ижилхэн мэдээ, мэдээллээс удаан хугацаанд хамааралтай байх болоод
байна.
Интернет нь мэдээллийг хүргэх ажиллагааг
хувь хүний онцлогтой холбож өгснөөрөө улам бүр олон нийтийн мэдээллийн
хэрэгслийн бүтээгдэхүүн болж байна. Интернетийн нөөц боломж нь мэдээллийг
түгээх, дахин түгээх явцыг хязгааргүй болгосноор интернет сэтгүүл зүй нь улам
нарийн болж хөгжсөөр байна. Хэдийгээр мэдээ, мэдээллийг түгээх үйл явц асар
сайн байгаа ч олон нийтэд зориулагдсан
цахим хуудсаар хэнээс ч хуулбарлахгүйгээр сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулагсад
маш бага хэмжээтэй байна. Эндээс цахим хуудсууд тэлэх тусам ур чадвартай
сэтгүүл зүй багасах хандлага ажиглагдаж байна.
Мэдээллийн үйлвэрлэл интернетэдээр
олон нийтэд зориулан мэдээ цацахдаа “бөөний болон жижиглэнгийн худалдааны”
бүтцээ сэргээн тогтоох хүртэл дээрх байдал үргэлжилсээр байх юм. Мөн энэ салбар
урт хугацаанд олон улсын мэдээлэл бэлтгэдэг цөөн тооны байгууллагаас мэдээ
авахаас гадна мэдээллийг өөрсдөө олж бэлтгэх тал дээр хөрөнгө оруулах ёстой.
Үүний зэрэгцээ мэдээллийг худалдаж авах, үнэн зөв орчуулан хүргэх, дэлхийн
өнцөг булан бүрээс англиас өөр хэл дээрх мэдээ сурвалжлагыг бэлтгэх тал дээр
чухал байр суурь баримтлах ажлыг урт хугацаанд гүйцэтгэх ёстой. Энэ
өөрчлөлтүүдийг хийхгүйгээр шинэ мэдээллийн хэрэгсэл нь ихэнх хэрэглэгчиддээ маш
аюултай төөрөгдөл төрүүлэхүйц мэдээллийг өгсөөр байх болно.